Засгийн газар

 БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр байгалийн түүхийн музейд ажиллалаа. Тэрээр энэ үеэр Байгалийн түүхийн музейн шинэчлэлийн ажилд газрын асуудал үүсээд буйг шийдвэрлэхээр холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Түүнчлэн Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Үндэсний төв номын сангийн барилгыг шинэчлэх ажлын зогсоох саналыг Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, газар дээр нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж, зураг төсөв нь бэлэн болоод байгаа юм. Харин энэ шийдвэрийг эсэргүүцсэн иргэд цахим орчинд байр сууриа илэрхийлж, соёлын үнэт өвөө устгалаа хэмээн сэтгэгдлээ илэрхийлээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Байгалийн түүхийн музейн нөхцөл байдлыг олон нийтэд харуулж, тайлбар хийлээ.  Техникийн норм, барилгын стандарт бүгд зөрчигдсөн. Барилга нурах хэмжээнд хүрээд байна. Иймд барилгыг буулгаж шинээр барих зайлшгүй шаардлагатай гэлээ.

Тэрбээр ярихдаа Архитекторууд Улаанбаатар хотын төв хэсэг, баганат барилга, шинэ классик загвар гэж ярьдаг. Тэгвэл Төрийн ордны зүүн талд байх 1920 оны улсын хэвлэх үйлдвэрийн барилгыг хувийн компани аваад, буулгаж нураан шинээр барилга барьсан. Ингэхэд хуучны барилгыг буулгалаа гэх асуудал яригдаагүй атал өнөөдөр Байгалийн түүхийн музейг шинэчлэх цаг үед энэ мэт эсэргүүцэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байсан юм.  Мөн 2020 оны төсвийн тухай хуулинд Төв номын сан, ДБЭТ, УДЭТ-ийн барилгад 12 тэрбум төгрөг суулгасан. Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргад тэрбээр өнөөдөр санал хүргүүлэх тухай бичиг өгсөн гэлээ. Энэ санал 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны тулгамдсан асуудалд шилжүүлж өгөх санал. Энэ саналыг Ерөнхий сайд, Засгийн газарт танилцуулна. Цаашид бид энэ гурван барилга дээр олон улсын шинжээчдийн баг ажиллуулна гэдгээ БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг ярьсан юм.