НҮБ-ын тэргүүнээр Антониу Гуттериш улиран сонгогдож магадгүй

Улс төр

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл НҮБ-ыг тэргүүлэн ажиллаж байгаа Антониу Гуттеришийг байгууллагынхаа тэргүүнээр улираан сонгохоор санал нэгджээ. Ийнхүү Гуттеришийн нэрийг дэмжсэнээр НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар олон улсын нэр хүндтэй байгууллагыг тэргүүлэх дараагийн тэргүүнийг сонгох сонголт бараг тодорхой болжээ.

Энэ сарын 18-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган болж, энэхүү чуулганаар НҮБ-ыг тэргүүлэн ажиллах дараагийн тэргүүнээ сонгох учиртай юм. Тэгвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн улс орнууд энэ албан тушаалыг одоо хашиж байгаа Антониу Гуттеришийг улираан сонгохоор санал нэгдсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд багтаж байгаа 15 улс орон хаалттай хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэн, Антониу Гуттеришийг байгууллагаа улиран тэргүүлэх санал гарган, санал нэгтэй дэмжсэн байна.

Хэрвээ Ерөнхий Ассамблейн хуралдаанаар Гуттеришийн нэрийг дэмжвэл тэрээр 2022 оны 1-р сарын 1-нээс эхлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд дахин нэг удаа улиран суух юм. Антониу Гуттериш Аюулгүйн зөвлөлийн гишүүн улс орнууд түүний ажил байдлыг өндрөөр үнэлж, НҮБ-ын тэргүүний суудалд улираан сонгох хүсэлтэй байгаад талархан, “энэ бол нэр төрийн хэрэг” гэдгийг тэмдэглэсэн байна. Гуттериш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2017 оны 1-р сарын 1-нээс хойш ажиллаж байгаа юм.