Засгийн газар

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд ажлын хэсэг өнөөдөр /2019.10.30/ хуралдаж цаг үеийн нөхцөл байдлыг албаны хүмүүсээс тодрууллаа. Угаарт хордсон дуудлага сүүлийн өдрүүдэд эрс багассанаас гадна агаарт тархах тоосонцор, хорт утааны хэмжээ буурсныг албаны хүмүүс хэлж байна. Засгийн газар энэ онд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах зорилт тавиад байгаа бол энэ байдлаар 2025 он гэхэд агаарын бохирдол 80 хувиар буурах тооцоог гаргажээ

Улаанбаатар хотод агаарын бохирдлыг хэмжих таван суурин төхөөрөмж ажиллаж байгаа. Суурин төхөөрөмжүүдийг Нисэх, Толгойт, Зурагт, Амгалан, Баянхошуу зэрэг гэр хорооллын айл өрх ихээр суурьшдаг газруудад байршуулсан.  Уг төхөөрөмжөөр агаарын чанарын үзүүлэлтийг хэмжихэд өнгөрсөн онтой харьцуулахад агаар дахь тоос тоосонцорын хэмжээ эрс буурсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай тогтоол гарч нийслэлийн иргэдийн жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр орлуулж байгаа нь агаарын чанарын үзүүлэлт сайжрахад гол нөлөө үзүүлж байгаа юм. Харин угаарын хийнд хордох эрсдэлийг бууруулах үүднээс угаар мэдрэгч төхөөрөмжийг ирэх сардаа багтаан айлуудад бүрэн тараана гэлээ.

Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордож харамсалтайгаар амиа алдсан иргэний тоо найм байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 44 иргэнээс 43 иргэний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Цаашид иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой байж зуухан пийшний битүүмжээ сайжруулан зөв галлах чиглэлд анхаарах нь зүйтэйг албаны хүмүүс хэлж байна. Харин агаарын бохирдлыг бууруулахад энэ хэвээр эрчимтэй арга хэмжээ авч ажилласнаар 2025 он гэхэд нийслэлийн агаарын бохирдол 80 хувиар буурах тооцоог албаныхан гаргажээ.