Засгийн газар

Шахмал түлш хэрэглэж эхэлснээр иргэд угаартах, хордох тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс угаарын хий мэдрэгч суурилуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан юм. 11 сарын 1 гэхэд суурилуулж дуусах төлөвлөгөөтэй байсан ч зарим нэг судалгааны ажлаас үүдэн саатжээ. Учир нь нэг айлд нэг мэдрэгч суурилуулах уу, хамрах хүрээ нь хэр хол байх вэ гэдгийг тогтоох шаардлагатай болсон байна.  

Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлсэнтэй холбоотой угаарт хордох, аливаа эрсдэлээс иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор айл өрхүүдэд нэг удаад угаар мэдрэгч төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийг засгийн газар гаргасан. 

Одоогоос сар орчмын өмнө засгийн газар нийслэлийн удирдлагуудад чиглэл өгч улмаар арван нэгдүгээр сарын нэгэн гэхэд айл өрхүүдэд угаар мэдрэгч тараахаар төлөвлөсөн. Харин төхөөрөмжийн үнэ өртөг, айлуудын гэр байшингийн онцлогт тохируулах зэргээс эхлээд тооцоо судалгааны ажил их байгаа тул мэдрэгч тараах ажил бага зэрэг хойшилсон байна. Гэхдээ 11 р сардаа багтааж айлуудад  бүрэн тараана гэлээ.

Угаар мэдрэгч төхөөрөмжийн тухайд төрөл зүйл, үйлдвэрээсээ шалтгаалаад үнэ өртгийн хувьд харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал зах зээл дээр 10 доллараас 200 доллар хүртэл 20-30 нэр төрлийн мэдрэгч байгааг хэлж байна. Нийслэлийн хэмжээнд 200 орчим мянган гэр хорооллын айл өрх байгаа тул дундаж өртгөөр тооцоход зургаан тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Гэхдээ угаар мэдрэгч төхөөрөмжийн хамрах хүрээнээс шалтгаалаад нэг айл нэгийг суурилуулах уу эсвэл нэгээс илүү хэрэг болох уу гэх асуудал гарч эхлэсэн байна.

Айл өрхүүдэд тараах угаар мэдрэгч төхөөрөмжид зарцуулах зургаан тэрбум төгрөгийг орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас гаргах юм.  Хямд үнийг бодож чанар муутай төхөөрөмж тараахгүй байхад холбогдох байгууллага анхаарч байгааг онцолсон юм.