Байгууллагын гол нөөцийг удирдагч хүний нөөцийн ажилтнууд тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

Нийгэм

Ажилд авна гэсэн зар олон байгаа ч ажилд орох хүн олдохгүй байна гэсэн мэдээлэл хаа сайгүй бий. Бас ажилд орлоо ч тогтвортой ажиллахгүй байгааг ч шүүмжилдэг. Тэгвэл ажилтнаа тогтвор суурьшилтай дээр үр бүтээл өндөртэйажиллуулах нь гэсэн сэдвээр Монголын хүний нөөцийн мэргэжилтнүүд зөвлөлдлөө.

Албан байгууллагад шинээр ажилд орж буй ажилтныг тухайн ажилд тогтвор суурьшилтай ажиллуулах, хөгжил боломжоор хангах, ажлын таатай нөхцөл боломжийг санал болгох зэрэг олон асуудалд хүний нөөцүүд хамгийн түрүүнд анхаарал хандуулан ажилладаг. Тэгвэл өөрчлөгдөн шинэчлэгдэж буй энэ цаг үед хүний нөөцийн удирдлагууд бодлого шийдвэрээ хэрхэн зохицуулах ёстой вэ гэдгээ зөвлөлдлөө. 

Манай улс хүний нөөцийн ажилтны баярын өдрийг 6 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын өдрийг тохиолдуулан HR клубээс жил бүр уламжлал болгон нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулах болсон. Энэ удаагийн зөвлөгөөнөөр цар тахлын нөхцөл байдалд хүний нөөцийн ажилтнуудын үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдсөн, цаашид бодлого чиглэлээ хэрхэн өөрчлөх шаардлагатай байгаа зэргийг хөндөн ярилцлаа.