Засгийн газар

Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санаачилж Улсын их хурал, Засгийн газар бүрэн дэмжиж байгаа. Гэтэл манай улсыг эдийн засгийн хүндрэлээс гаргахаар хөтөлбөртөө багтаасан Олон улсын валютын сан дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Тийм учраас энэ асуудлаар дахин яриа хэлэлцээр эхлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. 

2017 оны 4-р сард ОУВС-тай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд тусгагдсан хэд хэдэн асуудлыг манай улс зөрчиж байна гэдгийг Сангийн сайд анхаарууллаа. Үүний нэг бол тэтгэврийн зээл тэглэх тухай асуудал. ОУВС-тай ч энэ чиглэлээр удахгүй ярилцана. Албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч ОУВС эсрэг байр сууринаас асуудалд хандана гэсэн юм. 

НДШ-ийг нэмэх тухай шийдвэр тодорхой хугацаагаар хойшилсон. Үүн дээр нэмэгдэж тэтгэврийн зээл тэглэх тухай асуудал яригдаж эхэллээ. Энэ мэтчилэн ОУВС-тай байгуулсан гэрээг зөрчиж байгаа учир тодорхой эрсдэл гарна гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ.

ОУВС-тай нэгэнт гэрээ байгуулсан учир бид энэ чиглэлээр ширээний ард сууж ярилцах ёстой. Энэ дагуу удахгүй асуудлыг ярина гэсэн юм. Харин тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар асуудлыг шийднэ. Харин Засгийн газар бонд гаргахгүй гэлээ.