Засгийн газар

Тэтгэврийн зээл тэглэхээр болсныг зарлахаас өмнө энэ мэдээлэл алдагдаж оны өмнө их хэмжээний зээл гарсан байж болзошгүйг Улсын их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлсэн. Харин энэ мэдээлэл ор үндэсгүй гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлж байна. Нийт банкнаас гарсан тэтгэврийн зээл олголтыг нээлттэй танилцуулж болохыг ч онцоллоо. 

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээлүүд бүгд оны сүүлээр гарсан. Эдгээр зээлийн нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг байна. Ийм хэмжээний мөнгө гарсан шалтгаан нь тэтгэврийн зээлийг тэглэх тухай мэдээлэл алдагдсантай холбоотой гэсэн юм. Харин энэ мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд үгүйсгэлээ.

Тэтгэврийн зээлтэй ахмадуудын 95 хувь нь ХААН болон Төрийн банкнаас зээл авдаг. Эдгээр банкуудын тайлан мэдээнээс харахад сүүлийн сард гаргасан нийт зээлийн хэмжээ 55 тэрбум төгрөг байна. Ер нь зээлийн дундаж хэмжээ 50-60 тэрбум төгрөг байдаг гэсэн юм.

Тэтгэврийн зээлийг 1,2,8,9-р саруудад ихэвчлэн авдаг байна. Өөрөөр хэлбэл Цагаан сарын баярт зориулж болон сургалтын төлбөр төлөх зорилгоор авдаг байна. Гэхдээ мэдээлэл алдагдсан гэх асуудлыг шалгах чиглэлийг хууль хяналтын байгууллагуудад өгчээ.