Засгийн газар

Асар их мөнгө дагадаг махны экспортыг зохицуулах талаар салбарын сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийлээ. Мах гаргах эрхтэй хэдхэн компани яамнаас гаргадаг квот дээр бизнес хийдэг. Энэ квотын төлөөх өрсөлдөөн авлига хээль хахуулийн сүлжээ болтол өргөжсөн гэдэг яриа ч байгаа юм. Тэгвэл салбар яам мах экспортлох квотыг бодлогын түвшинд гаргадаг. Хууль хяналтын бүх байгууллагын шалгалт хийгдэж байгааг онцоллоо. Жилдээ 70 орчим мянган тонн мах гаргахаар төлөвлөдөг. Харин 2020 оны хувьд нэг ч квот олгогдоогүй байгааг Ч.Улаан сайд хэллээ.

Улсын хэмжээнд мах бэлтгэх, нядалгаа хийх, дулааны аргаар бүтээгдэхүүн боловсруулах 100 гаруй үйлдвэр цех үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь Хятад улсын хөрөнгө оруулалттайг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцлоод салбарын сайд мах экспортлох квотоор дамжуулан Хятад компаниудад давуу эрх олгон авлига авдаг гэж мэдэгдсэн. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг  огцруулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлээд байгаа. Тэгвэл салбарын сайд хятад компаниудад давуу эрх олгосон зүйлгүй гэдгийг онцлоод баримттай бол хуулийн байгууллагад нь өг хэмээн мэдэгдлээ.

Салбарын сайдыг огцруулахаар шаардсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мах бэлтгэх үйлдвэртэйгээс гадна махны холбооны тэргүүнээр ажилладаг нь түүнд ашиг сонирхлын зөрчил байх талтай гэж хардахад хүргэсэн. Салбар яам өнгөрсөн онд мах боловсруулах 47 үйлдвэртэй хамтран ажиллаж 70 гаруй мянган тонн махыг экспортод гаргасан байна. Харин зөвшөөрөлгүй мах бэлтгэсэн  компаниудын 18 мянган тонн мах, 9 мянган тонн дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гарч чадалгүй үлджээ. Харин энэ онд мах экспортлох квот олгогдоогүй байгааг онцоллоо.

Мах экспортлох эрхгүй ч шаардлага хангаж бэлтгэсэн махыг эрх бүхий үйлдвэрээр дамжуулан экспортлох асуудал квоттой холбоотой маргаан үүсгээд байгаа.  Тиймээс салбар яам энэ оныг экспортыг нэмэгдүүлэх жил болгон зарлаж шаардлага хангаж байгаа үйлдвэрүүдэд эрх олгохоор төлөвлөж байгааг хэллээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД