Польш Улс Беларусьтай залгаа хилийн бүсийн харуул хамгаалалтаа чангатгаж байна

Үйл явдал

Польш улс Беларусьтай залгаа хилийн бүсэд цагаач дүрвэгсэдтэй холбоотой нөхцөл байдал хүндэрч байгаагаас шуурхай штаб байгуулан, хил дагуух харуул хамгаалалтаа чангатгаж байна. 

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий Беларусьтай залгаа хилийн бүс дэх асуудлаар шуурхай хуралдаж, шаардлагатай арга алхмаа авч байна.  

Олон нийтийн цахим талбарт Польшийн хил рүү Беларусийн талаас ойртож байгаа цагаач дүрвэгсдийн урсгалыг харуулсан бичлэг оруулжээ. Беларусийн хилийн албаны мэдээгээр улсынх нь хилээр дамжин гадны хэдэн зуун цагаач дүрвэгсдийн урсгал Польшийн хилийг чиглэн явж байгаа юм.

Эдгээр хүмүүс Польшоор дамжин цааш Герман улсыг зорих хүсэлтэй байна. Польшийн батлан хамгаалахын сайд Мариуш Блащакийн мэдээлж байгаагаар Беларусь улстай залгаа хилийн бүс руу 12 мянган цэрэг нэмж дайчилжээ. Түүнчлэн Польшийн талаас хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг даамжруулахгүйн тулд Беларусийн талд хилийн харуул хамгаалалтаа чангатгаж, өөрийн орны нутгаас дүрвэгсдийг гаргахын тулд Польшийн хил рүү цагаач дүрвэгсдийг олноор нь нэвтрүүлж байгааг таслан зогсоохыг шаарджээ.

2021 он гарснаас хойш Польш-Беларусийн хилээр 30 мянган цагаач дүрвэгч нэвтрэхийг завджээ. Польш улс Беларусьтай залгаа хилийн бүс дагуу онцгой байдал тогтоож, хилийн харуул хамгаалалтаа чангатгаад байна.