Хятадад жилийн хамгийн том онлайн хямдралтай худалдаа болж байна

Үйл явдал

Манай урд хөршид 11/11 буюу жил бүрийн 11-р сарын 11-нд болдог онлайн худалдааны оны хамгийн том хямдралтай худалдаа болжээ. Хос 11-ийн тоог Хятадууд ихэд билэгшээж, анх 2009 онд Алибаба групп энэ өдрийг сонгон онлайн худалдааны хамгийн томоохон хямдралтай худалдааг зохион байгуулах болжээ. 

Онлайн худалдаа сүүлийн хоёр жилд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор улс орнуудад ихэд дэлгэрсэн юм. 11/11-ний өдрийн хямдрал буюу Ганц бие хүмүүсийн өдөр гэж нэрлэгддэг энэ өдөр онлайн худалдаа урьд урьдынхаас илүү өргөн хүрээг хамарчээ.

11 сарыг Хятадад худалдан авалтын сар гэж хэлж болох юм. Учир нь хос 11-тэй өдөр буюу 11-р сарын 11-ний өдөр Хятад даяар онлайн худалдан авалтын баярын өдөр болгон тэмдэглэж, бүхий л онлайн платформууд томоохон хямдрал урамшууллаа зарладаг байна.

Анх 2009 онд Алибаба групээс энэхүү өдрийг зохион байгуулж, энэ өдөр нийтдээ 7 сая долларын борлуулалт хийж байжээ. Тэгвэл 2018 онд цахим хямдралын үеэр 213 тэрбум юанийн орлого олж байсан бол дараа жил нь энэ үзүүлэлт 1,9 тэрбум бараа бүтээгдэхүүний захиалга авч, 210 тэрбум юань буюу ойролцоогоор 21,7 тэрбум долларт хүрч байжээ.

Энэ үеэр улс орон даяар нийт 1 тэрбум гаран шуудан хайрцагууд эзэддээ хүрч байжээ. Тэгвэл цар тахлын халдвар дэгдсэн эхний жилийн онлайн хямдралтай худалдааны өдөр ердөө 4 секундын дотор 14 сая долларын борлуулалт хийж дээд амжилт тогтоож байсан байна. 2020 оны 11/11-ийн хямдралаар нийтдээ 74 тэрбум долларын борлуулалт хийж байсан бол 2021 онд 84,5 тэрбум долларын борлуулалт хийгджээ.