Хууль бус мод бэлтгэх зөрчил өнгөрсөн оны мөн үеэс өсчээ

Нийгэм

Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор улсын хэмжээнд “Эко 2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ.

Арга хэмжээний хүрээнд гэмт хэргийн шинжтэй 102 үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна. өмнөх оны мөн үетэй харьцуулахад хууль бус модны хулгайн гэмт хэрэг өссөн дүнтэй байна. Тодруулбал, он гарсаар 10 сарын байдлаар 236 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Хүрээлэн буй орчны гэмт хэргийг улсын хэмжээнд авч үзвэл хууль бус мод бэлтгэл 236 буюу 49,2 хувь, ой хээрийн түймэр тавих 1 буюу 0.2 хувь, байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг 3 буюу 0.6 хувийг, байгалийн тэнцэл алдагдуулах хэрэг 1 буюу 0.2 хувийг тус тус эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Мөн ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрлийн халхавчаар нойтон мод бэлтгэж, модны захад нийлүүлсэн хэрэг гарсан байна. Үүнийг хуулийн дагуу шалгаж байгаа гэлээ. 

Экологийн цагдаагийн албанаас мод модон материалыг бэлтгэх, худалдан авахдаа зайлшгүй гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагатай байдгийг сануулж байна. Иргэд энэ талын мэдлэггүйгээсээ болж мод модон бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ авалгүй гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирох тохиолдол гарч байгааг анхаарууллаа.