Харуулын даргаа хөнөөсөн Х-д 11 жил, М-д зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Нийгэм

Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хоёр цэрэгт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс шүүгдэгч Х-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М-тэй бүлэглэн дээрэмдэх,  цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцсон байна.

Харин шүүгдэгч М-г байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн дээрэмдэх, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. 

Ийнхүү шүүгдэгч Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч М-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан байна. 

Эргэн сануулахад, Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэгтэй зугтсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гарсан.

Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг гурав хоногийн дараа Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ямар нэгэн эрсдэлгүй баривчилж байсан юм.