Засгийн газар

Нийслэлийн зүүн бүсэд дахин нэг сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих тогтоолыг өнөөдрийн /2020.01.29/ засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ингэхдээ одоо байгаа үйлдвэртэй ижил 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож илүү өндөр технологиор түлш үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Үйлдвэрийг ирэх 8-р сарын 15 гэхэд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 600 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Тэр хэрээр агаарын бохирдол, утааны асуудлаа шийдэж чадалгүй 10 гаруй жилийг ардаа үдсэн юм. Тэгвэл засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг хориглож жилд дунджаар 600-700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай Тавантолгой түлш компанийг байгуулснаар шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж утааг 50-иас илүү хувиар буураад байгаа. Тэгвэл дахин нэг үйлдвэр барих тогтоолыг өнөөдөр баталлаа.

Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш 220 мянган айлыг бүрэн хангаж байгаа. Гэхдээ нийслэлийн дагавар суурьшлын бүсүүдийг шахмал түлшээр хангах шаардлагатайгаас гадна 2000 орчим нам даралтын зуухыг халаах түлшний хэрэгцээ байгаа гэнэ. Тиймээс хүчин чадал ижил ч илүү боловсронгуй технологитой үйлдвэрийг ирэх 8-р сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг хотын зүүн бүсэд байгуулна. Тогтоолыг өнөөдөр батласан тул төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр зэргийг нэн даруй шийдвэрлэж ажлыг эрчимжүүлнэ гэлээ.