Засгийн газар

Ерөнхий сайд Хүрэлсүх өнөөдөр ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг авч буй урьдчилан сэргийлэлт болон бэлэн байдлаа хэрхэн хангаж буй нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр өргөсөн тангарагтаа үнэнч байж цаг наргүй өдөр шөнөгүй нойр хоолоо умартан гэр бүлээ орхин зүтгэж буй эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлээд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа тэдэнд илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэлээ. 

Өнөө өглөө Ерөнхий сайдыг ХӨСҮТөвд ирэхэд Эрүүл мэндийн сайд Сарангэрэл Монголын Эрүүл мэндийн салбар коронавирусын эсрэг хэрхэн ажиллаж байгааг танилцууллаа. Хамгийн анх нэгдүгээр сарын 3-нд ДЭМБ-аас албан ёсны коронавирусын халдвар гарсан тухай мэдээ хүлээн авснаас хойш Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах гэсэн 2 чиглэлээр ажиллаж байгаа. УОК, ЗГ олон удаа шуурхай хуралдаж чухал шийдвэрүүд гаргаж нэн шаардлагатай тоног төхөөрөмж эм тариа бусад асуудлын санхүүжилтийг шийдвэрлэснээр эмч эмнэлгийн ажилчдын хувийн хамгаалах хэрэгсэл маск тоног төхөөрөмж гэх мэт шууд худалдан авалтыг үе шаттай шийдвэрлэж байгаа. Энэ сарын 25 гэхэд бүх асуудал эцэслэн шийдэгдэнэ гэлээ. 

Энэ үеэр ХӨСҮТөвийн удирдлагууд амьсгалын аппарат, бөөр орлуулагч буюу диализын аппарат, халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор  явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай гэх хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан юм. 

Ерөнхий сайд ХӨСҮТөвд ажиллахдаа тусгайлан бэлдсэн 50 ортой тасаг болон нэмэлтээр бэлдсэн 150 ортой тасгийн үйл ажиллагаатай танилцаж эмч эмнэлгийн ажилтнуудтай  уулзлаа. 

Дараа нь Ерөнхий сайд Цэргийн төв эмнэлэг УНТЭ-т очсон. Цэргийн төв эмнэлэг 570 ортой. 2.5-4 цагийн хооронд эмнэлгээ суллах нүүлгэн шилжүүлэх боломжтой бэлэн байдалд ажиллаж байгаа бол УНТЭ 65 ортой тасаг бэлдсэн. 150 д хүргэх боломжтой. Бүх эмч эмнэлгийн ажилчид бүрэн сургалтанд хамрагдсан бэлэн байдалд байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.