Засгийн газар

Коронавирусийн халдварын улмаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ тасралтгүй унаж байна. Америкийн Нэгдсэн Улсад 2001 онд болсон 9-р сарын 11-ний халдлагын үеэр баррель нефть 22 доллар болж байсан юм. Тэгвэл цар тахлын улмаас газрын тосны үнэ энэ үеийнхтэй ижил түвшинд очлоо. Цаашид ч буурах хандлагатай байгаа юм. Дэлхий дахинд унаж байгаа шатахууны үнэ манай улсад ч нөлөөлнө. Өчигдрөөс зарим шатахуун түгээх станцууд үнээ 50-80 төгрөгөөр бууруулсан бол 4-р сарын 15 гэхэд литр тутамдаа 200 төгрөгөөр хямдарна гэдгийг салбарын сайд хэллээ.

Манай улсад худалдаалагдаж байгаа бүх төрлийн шатахууны үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт бууралттай шууд хамааралтай. Тэгвэл коронавирусийн тархалт цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тасралтгүй буурсаар байна. Тодруулбал оны эхэнд баррел тосны үнэ 64-65 ам доллар байсан бол 54-55, 35-32, өнөөдрийн байдлаар 28-22 долларт хүртлээ буурч доод түвшиндээ хүрчээ. Тэгвэл дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт бууралт манай улсад нэг сарын хэлбэлзэлтэйгээр нөлөөлдөг. Үүнтэй холбоотой өчигдрөөс эхлэн шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан бол ирэх сарын дунд үе гэхэд 200 төгрөгөөр буурахыг салбарын сайд хэллээ.

Засгийн газар шатахууны үнийг боломжит түвшиндээ барьж ажилласны дүнд өсөлтгүй өнөөдрийг хүрсэн гэдгийг салбарын сайд онцоллоо. Тиймдээ ч коронавирусийн тархалтаас сэргийлэн ажиллаж байгаа онцгой нөхцөлд дэлхийн зах зээлтай уялдуулан үнээ тасралтгүй бууруулах чиглэлийг аж ахуй нэгжүүдэд өгч байгаа гэнэ.  Цаашид баррел тосны үнэ 18 ам доллар хүртлээ буурч 1978 оны үетэй адил түүхэн дэхь хамгийн доод түвшинд очих магадлалтай гэнэ. Гэхдээ энэ бууралт Коронавирусийн тархалт нөхцөл байдалтай шууд хамааралтай тул 3-4 сарын дараа дэлхийн зах зээл дээрх үнэ эргэн өсөх магадлалтайг хэллээ.

Манай улсад шатахууны нөөц хангалттай байгааг албаны хүмүүс онцолж байна. Тодруулбал иргэдийн гол хэрэглээ болох АИ92 шатахууны нөөц 33 хоногийнх байгаа бол АвтоДизелийн нөөц 39 хоногийнх байна. Онцгой нөхцөлд 30 хоногийн хэрэглээг нөөцөлсөн байхад хангалттай тул иргэд шатахуун  нөөцлөх шаардлагагүй. Цаашид ч шатахууны хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллахад онцгойлон анхаарна гэдэгээ салбарын сайд онцолж байсан юм.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ БАРРЕЛ ТОСНЫ ҮНЭ:

2020 оны 1-р сар:

64-65 ам.доллар

54-55 ам.доллар

35-32 ам. доллар

3-р сар: 28-22 ам.доллар