Казахстаны Ерөнхий сайдаар Алихан Смаилов сонгогдлоо

Улс төр

Казахстанд шинэ оны дараа үүссэн иргэдийн жагсаал цуглаан, дотоодын эмх замбараагүй байдлын улмаас энэ улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. 

Улс орондоо дэгдсэн “хийн жагсаал”-ын улмаас Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев 1-р сарын 5-ны өдөр Аскар Мамин тэргүүлж байсан Засгийн газраа огцруулж,ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр засгийн газрын 1-р шадар сайд Алихан Смаиловыг томилоод байсан юм. Тэгвэл Казахстаны ерөнхийлөгч Алихан Смаиловын нэрийг дараагийн ерөнхий сайдаар нэр дэвшүүлснийг энэ улсын Мажилис буюу парламентын доод танхимын гишүүд дэмжсэн байна. 

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев улсынхаа дараагийн ерөнхий сайдаар Алихан Смаиловын нэрийг дэвшүүлэн, мягмар гарагт улсынхаа Мажилист танилцуулжээ. 49 настай Смаиловыг Мажилис буюу парламентын доод танхимын 89 гишүүн буюу бүх гишүүн санал нэгтэй дэмжсэн байна. Энэ талаар Мажилисын спикер Нурлан Нигматулин мэдэгджээ.

Казахстаны засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Алихан Смаилов нь улс орондоо иргэдийн жагсаал цуглаан дэгдэхээс өмнө засгийн газрын 1-р шадар сайдын үүрэг гүйцэтгэж, үүнээс өмнө сангийн сайд болон ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байжээ.

Казахстаны үндсэн хуулинд зааснаар Алихан Смаиловт засгийн газраа эмхлэн байгуулж, ерөнхийлөгчид өргөн барьж танилцуулахад 10 хоногийн хугацаа байгаа юм. Смаиловын засгийн газрын гол зорилго чиглэл нь цар тахлын улмаас доройтсон эдийн засгаа сэргээх, инцляцитай тэмцэх явдал байх гэнэ.