БНХАУ-ын компани хүүхэдтэй болсон ажилчдадаа 14 мянган доллар хүртэл мөнгөн тэтгэмж олгоно

Үйл явдал

Өнгөрсөн онд БНХАУ-д нийт 10 сая орчим шинэ иргэн мэндэлсэн нь 1949 оноос хойш хамгийн бага үзүүлэлт болсон. Тус улсын эрх баригчид сүүлийн жилүүдэд дотоодод төрөлт багасч, хүн амын тоо буурахаар байгаа учраас төрөлтийн тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах болсон.

Үүнтэй холбоотойгоор дотоодод үйл ажиллагаа явуулдаг Дабэйнон компани албан хаагчдаа хүүхэдтэй болсон тохиолдолд их хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор болжээ. Анхны хүүхдээ төрүүлвэл 4.7 мянган ам.доллар, хоёр дахь хүүхдэд 9.4 мянган ам.доллар, гурав дахь хүүхдэд 14 мянган ам.доллар олгох юм.

Энэхүү шийдвэр 2022 оноос буюу энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна. Тус компани 20 мянга орчим албан хаагчтай юм. БНХАУ 1970-аад оноос өрх бүр нэг хүүхэдтэй байх бодлого хэрэгжүүлж байсан. Харин тосгоны иргэдэд анхны хүүхэд нь охин бол, дахин нэг хүүхэдтэй болохыг  зөвшөөрчээ.

2016 оноос эхлэн өрх бүр хоёр хүүхэдтэй болох шийдвэр хэрэгжиж эхэлсэн бол 2021 оны 5-р сарын 31-нээс гурван хүүхдийг зөвшөөрөх бодлого хэрэгжиж байна.