Засгийн газар

Америкийн Нэгдсэн Улс коронавирусийн эсрэг бүх анхаарлаа хандуулан ажиллаж байгаа Монгол Улсын засгийн газарт дэмжлэг үзүүллээ. 1.2 сая америк доллар буюу 3.3 тэрбум төгрөг илгээсэн байна. Өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух элчин сайд Майкел Клечески хүлээлгэн өглөө. Тэрээр дэлхийг бүрхээд байгаа цар тахлаас Монгол Улс иргэдээ найдвартай хамгаалж байгаа нь үнэхээр бахархам байгааг хэллээ.

 

Энэхүү дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан олгоно. Нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмж, материал нийлүүлж, олон нийтийн бэлэн байдлыг хангах тогтолцоог бэхжүүлэхэд зориулна гэсэн юм. Хамгийн чухал нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, эмнэлгийн ажилтан, өвчтнүүдийн эрүүл мэндийг хамгаалах, лабораторийн чадавхийг дээшлүүлэх, өвчний дэгдэлтийн үеийн тандалт судалгаа хийх, чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

Коронавируст халдвар хил хязгааргүйгээр тархаж, ДЭМБ-аас энэ өвчний эсрэг дархлаатай улс орон, хүн байхгүй гэдгийг өдөр бүр сануулж байна. Ийм хүнд хэцүү цагт үед АНУ тусламжийн гараа сунган хамтдаа тэмцэхээ илэрхийллээ.

АНУ нь нийгмийн эрүүл мэндийн салбарт том хандивлагч байсаар ирсэн. Тухайлбал Олон улсын хөгжлийн агентлаг болон төрийн департаментаар дамжуулан  эрүүл салбарт зориулан сүүлийн 10 жилийн хугацаанд 90 тэрбум ам.доллар хандивлажээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ