Засгийн газар

Оюутолгой компани цахилгаан станц барьж дотоодоос эрчим хүчээ хангах асуудал олон жил маргаан дагуулсан. Тэгвэл засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг түшиглэн төрийн санхүүжилтээр барих шийдвэр гаргалаа. Цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөн таван жилийн хугацаанд зардлаа нөхөхөөр тооцсон байна. 

Оюутолгой компани олборлолт хийж эхлэснээс хойш дөрвөн жилийн дотор цахилгаан станц барих үүргийг гэрээгээр хүлээсэн. Тодруулбал 2013 оноос үйлдвэрлэл эхлэсэн гэж тооцвол эцсийн хугацаа нь 2017 он байсан юм. Гэвч гэрээний үүргээ биелүүлээгүй тус компани 2018 онд Тавантолгойн цахилгаан станцыг түшиглэн уурхай болон Өмнөговийн зарим хэсгийг эрчим хүчээр хангах үүргийг дахин хүлээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ажил болоогүйн дээр Монгол Улсын өрийг хэт дахин нэмэгдүүлэх өндөр дүнтэй цахилгаан станцын тооцоо гаргасан юм. Хатуухан хэлэхэд олон жил талцуулсан цахилгаан станц барих үүргээсээ зугтах заль болсон гэхэд буруудахгүй. Тиймээс Оюутолгой цахилгаан станцыг өндөр дүнгээр барих нь манай улсад хохиролтой тул төрөөс санхүүжүүлэн барих шийдвэрийг засгийн газар гаргалаа. 

Оюутолгой компани Тавантолгойн ордыг түшиглэн 300 мвт-ын хүчин чадалтай станц барихад 924 сая ам.доллар зарцуулах тооцоог засгийн газарт оруулсан. Үүнийхээ дийлэнх хувийг тус компани эзэмших бол 34 хувийн эзэмшилдээ өр төлж байгаа манай улс өрийнхөө хэмжээг дахин нэмнэ гэсэн үг. Тиймээс Оюутолгой компанийн санал болгож байгаа зардлаас 30 хувиар бага төсвөөр станцаа барихаар төлөвлөсөн байна. 

Оюутолгой компани 2015-2019 оны хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулсан байдаг. Тиймээс төрөөс санхүүжүүлэн цахилгаан станц барьснаар Оюутолгой компани гол хэрэглэгч байх тул дээрх хэмжээний валют дотоодод үлдэнэ гэж тооцож байгаа юм.

Хөрөнгө босгох ажлыг өнөөдрөөс эхлэн шуурхайлж бүтээн байгуулалтыг нэн даруй эхлүүлнэ

гэдгийг салбарын сайд онцоллоо.