Засгийн газар

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 9-р сарын 1-ний өдөр хүртэл карентилсан. Энэ хугацаанд аль ч сургууль дээр ямар нэг олимпиад, тэмцээн уралдаан, засвар үйлчилгээ хийгдэхгүй. Эцэг эхчүүдээс мөнгө хурааж ямар нэг үйл ажиллагаанд бэлтгэхийг бүрэн хориглож байгаагаа боловсролын сайд С.Баатарбилэг хэллээ.

Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах засгийн газрын тогтоол энэ сарын 15-нд гарснаар 9-р сарын нэгэн хүртэл сургууль, цэцэрлэг хичээллэхгүй болсон. Үүнтэй холбоотойгоор

Энэ оныг дуустал багш, сурагчдын дунд ямар нэгэн олимпиад, тэмцээн уралдаан зохион байгуулахгүй

гэдгийг салбарын сайд онцлон мэдэгдлээ. Тодруулбал, төгсөх ангийн сурагчдаас Монгол хэлний шалгалт авахгүй, багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахгүй байхаар болжээ.

Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг энэ сард багтаан эцэг эхэд нь хүлээлгэн өгөхөөр болсон байна. Мөн сургуулийн номын сангаас авсан сурагчдын номыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст хураан авахаар шийдвэрлэжээ. Мөн сургууль цэцэрлэгүүдийн халаалт гэрэл цахилгааныг хэмнэх зохицуулалт хийхийн дээр засварын үйл ажиллагааг зогсоосон байна. Тиймээс эцэг эхчүүдээс анги засварын мөнгө татахгүй гэдгийг онцоллоо.

Теле хичээлийг 6-р сарын нэгэн хүртэл явуулахаар болсон. Гэвч эцэг эхчүүдээс теле хичээлийг шүүмжлэх хандлага их байгаа гэнэ. Харин энэ нь олон мянган хүүхдэд танхимын бус аргаар сургалтын үйл ажиллагаа явуулах ганц шийдэл гэдгийг салбарын сайд онцлоод мэргэжлийн багш нар өндөр түвшинд зохион байгуулж байгааг хэллээ.