Засгийн газар

Улсын онцгой комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа. Улсын хил бүрэн хаагдаж, мэргэжлийн байгууллагууд коронавируст халдвараас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдал 4 сарын 30-ны өдөр дуусч байсан бол Улсын онцгой комисс дахин нэг сараар буюу 5 сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байна.

Манай улстай хил залгаа оршиж байгаа урд хөршөөс эхлэсэн ковид-19 халдварын нөхцөл байдал хойд хөршид хүндэрч эхлэсэн. Тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүднээс улс даяар тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэрийг УОК-оос гаргалаа. Тэгвэл онцгой дэглэмийн хүрээнд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан.

СУРГАЛТЫН ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭХ ЭСЭХИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИЙДНЭ

Харин сүүлийн сургалтын төвүүдийг нээх хүсэлт УОК, Засгийн газарт олноор ирж байгаа гэлээ. Тиймээс танхимын сургалтын үйл ажиллагааг нээх эсэх, хэрэв нээвэл ямар байдлаар журамлах асуудлыг энэ долоо хоногт Засгийн газарт танилцуулан шийдвэр гаргана гэдгийг хэлж байна.

Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа БНХАУ болон ОХУ-ын иргэд нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд авто замаар хил гаргаж эх оронд нь буцаах нь зүйтэй гэх шийдвэр гаргалаа. Харин гадны улсад хүнд байдалд байгаа иргэдээ татах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна гэдгийг Онцгой комиссын дарга онцоллоо. Тэр дундаа хойш хөршид хүнд байдалд байгаа оюутнуудыг татах ажилд анхаарахаа хэллээ.

Ойрын өдрүүдэд чартер нислэгийг гурван удаа хийхээр төлөвлөсөн. БНСУ руу хоёр удаагийн нислэг хийх бол Европын орнуудад байгаа иргэдийг татах нэг удаагийн нислэг үйлдэнэ. БНСУ-аас ирэх иргэдийг хоёр ангилсан байна. Үүнд транзит буюу Солонгос улсаар дамжин ирж байгаа иргэд нэг онгоцоор ирэх бол тус улсад амьдарч байгаа иргэд тусдаа онгоцоор ирнэ. Учир нь Солонгос Улсад амьдарч байгаа иргэд ковид-19 халдварын шинжилгээнд хамрагдсан байгаа бол дамжин нислэгээр ирж байгаа иргэд шинжилгээнд хамрагдаагүй байгааг хэллээ.

 

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар гарсан шийдвэрүүд:

- Цар тахлаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацааг 5-р сарын 31-нийг дуустал сунгалаа

- Мэргэжлийн болон танхимын сургалт явуулах хүсэлтэй сургалтын төвүүдийг нээх эсэхийг Засгийн газрын хуралдаанд танилцуулан энэ долоо хоногт шийдвэрлэх

- ОХУ болон БНХАУ-ын иргэд нутаг буцах хүсэлт тавьсан тохиолдолд авто замаар тээвэрлэн хилээр гаргах

- Солонгос Улсад амьдарч байгаа болон Солонгос Улсаар дамжин ирэх иргэдээ татах

- ОХУ-д хүнд нөхцөлд байгаа оюутнуудыг үе шаттай татаж авах

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ