Засгийн газар

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин усанд эндэж амь насаа алдсан дөрвөн хүүхдийн эцэг эхтэй уулзаж эмгэнэл илэрхийллээ. Мөн хүүхдүүдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тусалж дэмжихээр болсон байна. Цаашид ийм харамсалтай үйл явдал дахин давтахгүйн тулд зөвшөөрөлгүй нүх ухсан, барилга эхлүүлсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоож, хатуу хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Энэ сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсний улмаас усан халиа үүсч 8-12 насны дөрвөн хүүхэд эндэн, харамсалтайгаар амиа алдсан.

Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлууд хөвгүүд байхаас гадна ах нь дүүгээ аврах гэж байгаад хамтдаа эндсэн золгүй явдал тохиосон. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаны хүмүүс амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт очиж эмгэнэл илэрхийллээ. Улмаар талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэлийг Шадар сайдын зүгээс албаныханд даалгалаа. Үүнээс гадна осол болсон өдөр хүүхдүүд 10-уулаа явж байсан. Газар дээр нь хамт байж үйл явдлыг нүдээр харж байсан 6 хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдалд онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүст санууллаа.

Мөн Улсын Онцгой комиссын даргын зүгээс нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоож, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудад аюулгүй байдал хангах, хараа хяналтаа чангатгах үүргийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт даалгалаа.