Засгийн газар

Улсын онцгой комисс коронавирусний эсрэг голомтод ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл орон сууцаа хүлээн авсан бол өнөөдөр тагнуул, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын албан хаагчид байрны батламжаа гардан авлаа. Гэртээ ч харих завгүй ажиллаж байгаад ард түмний өмнөөс талархаж байгаагаа Ө.Энхтүвшин сайд хэллээ.

 

Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулах тухай тогтоолын төслийг баталсан. Уг  төслийн хүрээнд 1300-1500 орчим алба хаагч түрээслээд өмчлөх хэлбэрийн нэн хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болох юм. Өмнө  цар тахлын эсрэг эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны батламжийг гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, хил хамгаалах гэсэн таван байгууллагын алба хаагчдын 25 төлөөлөлд батламжаа авлаа.

Алба хаагчдын тухайд 15 жилийн хугацаанд түрээслэх хэлбэрээр байрны төлбөрөө төлж өөрийн өмчлөлдөө авна. Ингэхдээ 100 хувийн гүйцэтгэлтэй байрыг өөрсдөө сонгон урьдчилгаа төлбөр төлөх эсэхээ шийдэж, жилийн 4-6 хувийн хүүтэй авах юм. Засгийн газраас санхүүжилтийг шийдсэн тул НОСК шаардлагад нийцсэн компаниудын орон сууцыг бүртгэх ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 100 хувь ашиглалтад орсон барилгын 15 компани уг хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ өгчээ. Энэ сарын 20-ныг хүртэл барилгын компаниуд хүсэлтээ өгөх боломжтой тул алба хаагчид 21-ний өдрөөс орон сууцаа сонгон авах боломжтой болно гэдгийг Улсын онцгой комиссын дарга онцоллоо.