Засгийн газар

Ковид-19 коронавируст халдварын улмаас эдийн засаг нь зогсонги байдалд орж, иргэдийн орлого буурсан зэрэг  хүндхэн сорилтуудтай дэлхийд улс орнууд нүүр тулж байна.  Манай улсад ч нөхцөл байдал ижил түвшинд байгаа. Гэхдээ засгийн газраас эдийн засгийн сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай нэмэлт санхүүжилт дайчилж байна.

“Ковид-19” цар тахлын улмаас эдийн засаг зогсонги байдал орж экспорт эрс буурснаар төсвийн орлого 2020 оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасраад байгаа юм. Тиймээс засгийн газраас эдийн засгаа сэргээх, аж ахуй нэгж байгууллага иргэдээ дэмжих үүднээс зарим нэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа. Үүнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмсэн, орлого багатай ядуу өрхүүдэд олгодог хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүжилтыг хоёр дахин нэмсэн, орлого нь буурсан 6.9 мянган аж ахуйн нэгжийн 73 мянган хүнд сар бүр 200 мянган төгрөг, Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг иргэд болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн зэрэгт одоогийн байдлаар 768 тэрбум төгрөг нэмж зарцуулжээ.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын орлогыг хамгаалах зорилгоор нийт 1 их наяд 877.9 тэрбум төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түүний алданги, торгуулийг бүрэн чөлөөлсөн. “Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна. Төсвийн орлого их хэмжээгээр тасарч, төлөвлөөгүй зардал нэмэгдэн, нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардагдаж байгаа ийм нөхцөлд Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагуудтай идэвхитэй хэлцэл хийж нийт 301 сая ам доллар буюу 800 гаруй тэрбум төгрөгийн нэн хөнгөлттэй эх үүсвэрийг төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээн авсан. Гадаадын зээл, тусламж болон төсвийн эх үүсвэрээр иргэд, олон нийтэд чиглэсэн цалин тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн салбар зэрэг төрийн үйлчилгээний зардлуудыг төсвийн хуулийн дагуу цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлж байна.