Засгийн газар

Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлт илгээсэн 12 мянга гаруй иргэн байна. Дэлхий нийтийн нөхцөл байдлаас хамаарч энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгааг МУ-ын Шадар сайд онцоллоо. Үүнтэй холбоотойгоор тусгай үүргийн онгоцоор ирэх хүсэлтэй иргэдээс хахууль авч оочир дараалалд оруулж байна гэх асуудал цахим орчинд хөврөх болсон. Дээрх асуудалтай холбоотой шалгалт явуулж байгааг Шадар сайд хэллээ.

Манай улс иргэдээ татан авах ажиллагааг эрчимтэй явуулж дэлхийн томоохон орнуудтай эн тэнцэж байгаа. Гэвч эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж татан авах ажиллагаа амаргүй нөхцөлд үргэлжилж байгааг Шадар сайд онцоллоо. Дэлхийн хэмжээнд 216 орон хязгаарлалтын нөхцөлд ажиллаж байгаа тул олон улсын нислэгийн гэрээнээс эхлээд тулгамдах асуудал их байгааг хэлж байна. Гэхдээ татан авах ажиллагааг цаашид эрчимтэй үргэлжлүүлж энэ сард 4,250 иргэнийг тусгай үргийн онгоцоор авахаар төлөвлөжээ. Харин эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээс авлига авч дараалалд оруулж байна гэх асуудалд холбогдох байгууллага шалгалт хийсэн байна. Одоогоор тогтоогдсон зүйл байгүй гэдгийг хэллээ.

Татан авах иргэдийн тоог сар бүр нэмэгдүүлж байгаагаас гадна тусгаарлах байрны тоог ч тэр хэрээр өсгөн ажиллаж байгааг онцоллоо. Тодруулбал анх 900 орчим ор хоногтой байсан бол энэ тоо өнөөдөр 4000-д хүрсэн гэнэ.  Тусгаарлах байрны зориулалтаар 213 буудал, 46 амралтын газрыг судалж дүгнэлт гаргахад дийлэнх нь шаардлагад нийцээгүй байна. 

Иргэдээс авлига авч нислэгийн оочир дараалалд оруулах, эсвэл тусгаарлах байртай холбоотой аливаа гомдол мэдээллийг УОК-т ирүүлэх боломжтойг тэрээр онцоллоо. Иргэдээс ирсэн аливаа гомдол саналын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгийг хэлсэн юм.