Засгийн газар

Гадаад улс оронд гацсан 12 мянга гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлээд байна. Тусгай үүргийн онгоц илгээхдээ тусгаарлах байрны хүрэлцээнд тохируулж байгааг онцоллоо. Нэг дор бүх иргэдээ авчрах боломж байхгүй ч гадаадад гацсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж эхэлсэн байна.

Ковид 19 цар тахлын хоёр дахь давалгаа эхлэсэн өнөөгийн нөхцөл байдал цаашид хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Тиймээс улс даяар тогтоосон онцгой дэглэмийг 8 дахь удаагаа сунгаж, улсын хилийг ойрын саруудад нээхгүй гэж байгаа. Өнөөдрийн байдлаар 56 улсаас 23 мянган иргэнээ газраар болон агаараар татан авсан байна. Харин одоогоор гадаадад гацсан 12,400 иргэн 54 орноос эх орондоо ирэх хүсэлтээ илгээжээ. Тэдний 50 орчим хувь нь БНСУ-д байгааг Гадаад харилцааны сайд хэллээ. Цаашид чартер нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ч тусгаарлах байрны нөөц муу байгааг шадар сайд хэлж байна.

Шаардлага хангахгүй байгаа буудал, амралтын газруудад заавар зөвлөмж өгч алдаа зөрчлийг арилган тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэллээ. Харин тусгаарлах байранд нийт 3,600 төрийн алба хаагч ажиллаж байна. Тиймээс олон хоногоор гэртээ харилгүй цар тахлын өндөр эрсдэлд ажиллаж байгаа хүмүүст бүх талаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг гишүүд хэллээ.

Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн мөнгө дууссан гэдгийг шадар сайд хэллээ. Өнөөдрийг хүртэл олон улсын байгууллага, гадны зээл тусламжаар төвлөрсөн хөрөнгөөс гадаадад байгаа иргэддээ туслаж байсан тул төсвийн тодотголд шаардлагатай хөрөнгийг суулгажээ. Ийнхүү УИХ-ын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар ковид 19 цар тахлаас сэргийлэх ажил, нөхцөл байдлын мэдээллийг сонсож гишүүд асуулт асуун хариулт авлаа.