Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Хүрэлсүх эрүүл мэндийн салбарт ажиллаж зарим үүрэг даалгавар өглөө. Коронавируст халдварын үед нийт хүн төрөлхтөн эмч нартаа л найдаж байгаа. Манай улс ч байнга бэлэн байх шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд  санууллаа. Мөн иргэдээ эрүүл саруул байхад нь анхаарч, засгийн газрын зүгээс шаардлагатай бүхий л арга алхамыг хэрэгжүүлнэ гэдгээ онцолсон байна.

Манай улсын иргэд эх орондоо сэтгэл хангалуун, таатай орчинд тайван амьдрах боломжийг 8-12 жилийн хугацаанд бүрдүүлнэ гэж засгийн газрын тэргүүн хэллээ. Дээрх хугацаанд найман томоохон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэсэн юм. Үүнд эрчим хүч, эрүүл хүнс, нефть шатахуунаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох дэд бүтэц, мэдээлэл технологи хүнд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэйг хэллээ. Мөн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч шаардлагатай санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байгаагаа онцолсон юм.
Засгийн газраас тавьж байгаа зорилтын хүрээнд ирэх дөрвөн жилд иргэн бүрийг нэг удаагийн зайлшгүй үзлэг, шинжилгээнд хамруулдаг болох, нийслэлийн таван дүүрэгт яаралтай түргэн тусламжийн төвийг нээх, эрхтэн шилжүүлэх төвтэй болох зэрэг олон ажлууд тусгагдсаныг хэллээ.
Эрүүл мэндийн байгууллагууд үзсэн өвчтөн, эмчлүүлсэн хүнийхээ тоогоор ЭМ-ийн даатгалын сангаас санхүүжилт авч улмаар эмч ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ гэдгийг засгийн газрын тэргүүн хэллээ. Мөн цар тахлыг дотоодод алдалгүй барихад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын нийгмийн асуудалд ч анхаарахаа хэлсэн юм. Энэ мэтчилэн иргэд эх орондоо сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх олон ажлыг бүх салбарт явуулна гэдэгээ Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцоллоо.