Намууд

Эрх баригч Монгол ардын намын бүлэг 2020 оны төсөв дээр ажлын хэсэг байгуулан зардал бууруулах тооцоо хийсэн байна. Нийт 250 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ. Хэмнэсэн энэ мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болж байна. Хавдар судлал, хавдараас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог явуулах, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэгт зориулахаар төлөвлөжээ.

Засгийн газар ирэх оны төсвийг боловсруулан УИХ-д өргөн барьж эхний хэлэлцүүлгийг хийгээд байгаа. Улмаар дараа дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийг томилж ажлын хэсэг хуралдан эхний ээлжинд 250 орчим тэрбум төгрөгийн зардлыг бууруулах тооцоо гаргажээ. Бууруулсан зардлаа эрүүл мэнд боловсролын салбарт зарцуулахаар тооцсон байна.

Харин боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог цөөлнө гэж ажлын хэсгийн гишүүд үзжээ. Энэ хүрээнд нийслэлд зургаан ерөнхий боловсролын сургууль барихаар тусгана гэдгийг хэллээ.

Ирэх оны төсөвт бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг өндөр тавьж өгсөн нь онцлог болж байгаа. 2017-2020 оны хооронд нийт 601 объект ашиглалтад оруулна гэж байгаа. Үүнд 232 цэцэрлэг, 159 сургууль, 92 эмнэлэг ашиглалтад оруулах юм.