АНУ-ын Калифорни мужид ойн түймэр ассаар байна

Үйл явдал

АНУ-ын баруун хэсэгт хүчтэй ойн түймэр үргэлжлэн ассаар байна. Калифорни мужид асч байгаа түймрийн улмаас хэд хэдэн барилга байшин өртөн шатжээ. Гал сөнөөгчид амрах завгүй ажиллаж байгаа ч алслагдсан газруудад хүрч чадахгүй байна.

Калифорнийн Индиан Фоллс суурингийн дэргэд түймрийн томоохон голомт асч байгаа юм. Гал сөнөөх албаны мэдээлж байгаагаар Плумас болон Бутте тойрогт 780 кв.км газар нутаг түймэрт өртөн шатаж байна. Түүнчлэн Альманор нуурын баруун эрэг орчмын уулархаг газарт түймэр хүрчээ. Эндхийн 10 мянга гаруй барилга байшин түймэрт өртөх аюултай байна. Калифорнийн өмнөд хэсэгт байрлах Тахо нуурын орчимд, Калифорни болон Невада мужийн хилийн бүсэд мөн түймэр асч, 23 барилга байшин галд автан сүйджээ.

Орегон мужийн өмнөд хэсэгт мөн түймэр дэгдэж, 1,657 кв км газар нутаг өртөн шатжээ. Гал сөнөөгчид түймрийн нийт голомтын 53%-ийг нь унтраасан байна. Орегонд түймрийн улмаас 67 байшин өртөн шатаж, 2 мянгаад барилгаас оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлжээ. Ойн түймэр мөн Монтана мужид дэгдэж, нийтдээ Америкийн баруун эргийн нутгаар түймрийн 85 томоохон голомт бүртгэгдээд байгаа юм.