Намууд

Одоогоос нэг жилийн өмнө МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн цуглааныг УИХ-ын нэр бүхий таван гишүүн, иргэний ниймгийн байгууллагууд санаачлан зохион байгуулж байсан. Нэг жилийн хугацаа өнгөрсөн энэ үед МАНАН дэглэм хүч сарнисан, харин цаашид улс төрийн энэ бүлэглэлийг бүрмөсөн устгана гэж  тэд мэдэгдэж байна. МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн цуглаан болсны нэг жилийн ойн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

2018 оны 12-р сарын 27-нд, 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрүүдэд МАНАН дэглэмийн эсрэг цуглааныг анх зохион байгуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Хоёр удаа хийсэн цуглаанд 30 орчим мянган иргэн хамрагдсан байдаг юм. Тухайн үед иргэд хоёр намын хэт ноёрхлыг эсэргүүцэн шударга бус байдлыг үгүй хийх ёстой гэж хэлж байсан юм. Нэг жилийн дараах энэ өдөр МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөнийхөн анхны чуулга уулзалтаа зохион байгуулж байна.

Нэг жилийн өмнө МАНАН дэглэмийг эсэргүүцсэн санаачлагчид УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан юм. Мөн төрийн хулгай луйврыг зогсоох, 60 тэрбумын хэргийг илрүүлэх,  Эрдэнэтийн 49 хувийг авсан хүмүүст хариуцлага тооцох зэрэг нийгэмд шударга ёс тогтоохоор хийсэн арга хэмжээний дүнд МАНАН дэглэмийн хүчийг сааруулсан гэж санаачлагчдын зүгээс үзэж байна. цаашид энэ дэглэмийг үгүй хийхэд шүүх хуулийн байгууллагад анхаарлаа хандуулан ажиллахыг санаачлагч, дэмжигчдийн зүгээс онцолж байна.