Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд хулгайн гэмт хэргээс сэргийлэхийг анхаарууллаа 

Эрх зүй

Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хүйтэн жавартай, явган шуургатай байна. Аян замд гарах гэж байгаа бол анхаарал болгоомжтой байхыг сануулъя. Мөн элдэв гэмт хэргээс гарах магадлал нэмэгддэг учраас сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн багагүй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Ялангуяа орон байр, халаасны хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг хууль хяналтын байгууллагаас анхааруулсаар байна. Сар шинийн баярын өдрүүд тохиож байгаа энэ үед ард иргэдийн анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг цагдаагийн алба хаагчид анхааруулж байна. 

Баярын өдрүүдэд олон хоногоор золголтоор явж байгаа бол хөршдөө анхааруулж мэдэгдэх, мөн харьяа цагдаагийн хэлтэст эзэнгүй байгаа зэргээ мэдэгдэх нь хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ялангуяа хөршийн холбоог сэргээх шаардлагатайг хууль хяналтын байгууллагаас зөвлөж байна.