Владимир Путин Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” явуулах шийдвэр гаргалаа

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” явуулах шийдвэр гаргаж, энэ дагуу улсынхаа зэвсэгт хүчинд үүрэг чиглэл өглөө. Путины мэдэгдсэнээр Украины эсрэг явуулах цэргийн тусгай ажиллагаа нь Украины зүүн бүс дэх Донбассын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэж байгаа юм. 

ОХУ-ын тэргүүн Украины зүүн бүс дэх Донбассын оршин суугчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн Украины цэрэг армийн зүгээс цэргийн дайралт, артиллерийн болон миномётын халдлагад өртөж, өнөөдрийн байдлаар Донбассын хэдэн мянган иргэн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Оросын нутагт дүрвэн ирээд байгааг онцолжээ. Энэ нь нэг үгээр Украины тал Донбассын иргэдийн эсрэг халдлага үйлдэж, зэвсэггүй энгийн номхон иргэдийг айдас хүйдэст умбуулан, иргэний зориулалттай объектууд руу гал нээж, Киевийн дэглэм Донецк, Луганскийн иргэдийн эсрэг геноцид үйлдэж байгаа учраас энэ байдлыг таслан зогсоох зорилгоор Оросын тал цэргээ хөдөлгөж байгааг Путин онцлон хэлсэн байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн цагаар үүрийн 5 цаг 30 минутад тусгай мэдэгдэл хийж, үүнийг Оросын бүхий л Холбооны сувгууд шууд дамжуулан үзүүлсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Украины зүүн бүсийн Донбассын иргэдийг Киевийн түрэмгийллээс хамгаалахын тулд Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” явуулахаар тогтсон талаар мэдээлжээ. Ингэхдээ ОХУ-ын талыг цэргийн дэмжлэг үзүүлэхийг Донецк болон Луганскийн БНУ-ын тэргүүлэгчид хүсч хандсан байна.