Намууд

2016 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшин сонгогдож байсан УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намд элсэж байгаагаа өнөөдөр зарлалаа. Түүнийг аль тойрогт нэр дэвшүүлэхийг Ардчилсан нам энэ сарын 16-ны өдөр хуралдах Үндэсний бодлогын хорооны хурлаараа шийднэ гэлээ. Харин тус намаас нэр дэвшигчдээс 100-400 хүртэлх сая төгрөгийн дэнчин авах асуудал олны анхаарлыг татсан. Уг асуудалд намын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.

 

Дөрвөн жил бие даагч гэх статустай УИХ-ын гишүүнээр ажилласан Самандын Жавхлан ээлжит парламент хаалтаа хийхийн өмнө Ардчилсан намын гишүүн боллоо. Тэрээр тус намд элсэж олуулаа болж байгаадаа баяртай байна хэмээн онцолсон юм. Энэ удаагийн сонгуулиар тус намаас нэр дэвшихээ илэрхийлээд Хонхны дууг дахин цохих цаг ирсэн гэлээ. Учир нь тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бие даагч байдлаар ганцаараа явсан нь хүчгүйдүүлсэн хэмээн онцоллоо. Тиймээс Ардчилсан намд элсэх нь улс төрийн шийдвэр байсан гэсэн юм.

Тэрээр Ардчилсан намд элсэхээ зарлахдаа намын дарга С.Эрдэнэд Хонхны дууны үгийг Монгол бичигт буулгасан дурсгалын зүйл гардууллаа. Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ парламент дахь бүлэг нь 9 гишүүнтэй болсныг онцолсон юм. Тэгвэл тус намаас нэр дэвшихээр горилогчид 100 сая төгрөгийн дэнчин өгч байгаа асуудалд намын даргын зүгээс байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын ҮБХ 16-ны өдөр хуралдаж нэр дэвшигчдээ тодруулан зарлана. Өнөөдөр, маргааш гээд хоёр өдрийн дотор 21 аймаг 9 дүүргийн анхан шатны хороод саналаа ирүүлэх учиртайг хэллээ. Жавхлан гишүүний тухайд ҮБХ-гоор хэлэлцэгдээд аль тойрогт дэвших нь тодорхой болно гэсэн юм.