Бундесвер НАТО-д дорнод хилээ хамгаалахад дэмжлэг үзүүлнэ

Улс төр

Германы Батлан хамгаалах яам НАТО-д дорнод хилээ хамгаалахад нэмэлт дэмжлэг үзүүлэх санал тавьжээ. Бундесвер Умард Атлантын цэргийн эвсэлд нэмэлт цэргийн дэмжлэг, зэвсэглэлийн системээр хангах санал тавьсан байна.

Германы Бундесвер энэ зорилгоор 150 хүний бүрэлдэхүүнтэй явган цэрэг, мөн 10 нэгж “Боксер” танкаа шилжүүлэн байрлуулахад бэлэн байгаа юм. Германы цэргийн хүчнийг Румын улс дахь Францын цэрэг дайчидтай нэгтгэхээр төлөвлөж байна. ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехтын мэдэгдэж байгаагаар Бундесвер түүнчлэн НАТО-д “Пэтриот” загварын ПЭХС нийлүүлж, Балтийн тэнгисийн улс орнуудын аюулгүй байдлыг сахин хамгаалахад дэмжлэг үзүүлэхээр тогтжээ. Германы тал мөн Балтийн тэнгис, Хойд тэнгис рүү цэргийн хөлөг онгоц илгээхэд бэлэн гэжээ. Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсны дараагаар Бундесвер нөхцөл байдалд хойрго хандаж, нэгдсэн Европын байр сууринаас хойш суусанд буруутгагдсан юм.