Намууд

Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр цугласан байна. Эрх баригчдын хувьд улс төрийн гурван том асуудал шийдэх юм. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хориг. Хүлээн авбал санал асуулга цуцлагдана, авахгүй бол явна гэсэн үг. Мөн Улсын их хурлыг тарааж, ээлжит бус сонгууль зарлах эсэхийг ч ярилцана гэдгийг бүлгийн дарга Д. Тогтохсүрэн хэллээ.

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж бүх ард түмний санал асуулгаар батлах шийдвэр гаргасан. Харин эрх баригчдын энэ шийдвэр гурван төрлийн хууль тогтоомжтой зөрчилдөж байна гэж ерөнхийлөгч үзсэн. Тиймээс ирэх сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд хориг тавиад байгаа юм. Тэгвэл ерөнхийлөгч энэ шийдвэрээрээ улс төрийн тоглолт хийж төрийн ажлыг гацааж байна хэмээн зарим гишүүд үзлээ. Учир нь УИХ-ын гишүүдийн тоо, парламентын бүрэн эрхийн хугацаа зэргээс эхлээд ерөнхийлөгчийн хэд хэдэн саналыг хүлээж аваагүй ч дордуулсан долоон өөрчлөлтийг засахаас гадна, төрийн тогтолцоог гажуудлаас гаргах олон чухал заалтууд энэ удаагийн өөрчлөлтөд туссан гэдгийг хэлж байна.

Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдсан ч ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд ерөнхийлөгч хориг тавьсан асуудлыг ирэх долоо хоногийн Даваа гарагт дахин хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Ерөнхийлөгчийн хоригоос гадна УИХ хугацаанаасаа өмнө тарж ээлжит бус сонгууль явуулах асуудал улс төрийн хүрээнд өндрөө авч байгаа. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Үндсэн хуулиа өөрчилж ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлэх болсон. Харин өнөөдрийн байдлаар албан ёсоор гарын үсэг зурж эхлээгүй байгаа ч гишүүдийн зүгээс тарах саналыг удаа дараа хөндөж байгааг олонхийн бүлгийн дарга хэлж байна. Үүнээс гадна дээрх асуудлуудаар Ардчилсан намын зөвлөл зөвшилцөх санал илрүүлжээ.

Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмэн биш  УИХ батлана. Ингэхдээ өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн 53 зүйл заалт тус бүр дээр санал хурааж УИХ-ын 57 гишүүний саналын босгыг давах учиртай. Харин МАН-ын бүлгийн гишүүдээс гадаад дотоод томилолтоор явсан хүн олон байгаа тул ирэх долоо хоногт гишүүдийн олонхийг цуглуулан УИХ тарах эсэх асуудлыг албан байдлаар хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн дарга хэллээ.