Намууд

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард иргэдийн саналаар батлах асуудалд  ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр МАН-ын бүлэг хуралдлаа. Тэд ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээ энэ долоо хоногт багтаан шийднэ гэж байна.  Ингэхдээ АН-ын зөвлөлтэй зөвшилцөж шийдвэрт хүрэх тухайгаа мэдээллээ. 

УИХ эцэг хуулийг өөрчлөхдөө иргэдийнхээ саналыг авч эцэслэн батлана гэх шийдвэр гаргасан. Монгол Улс түүхэндээ хоёр дахь удаагаа бүх ард түмний санал асуулга явуулж Үндсэн хуулийн 53 зүйл заалтыг өөрчлөх үү, үгүй юу гэдэг сонголтыг ирэх сарын 30, 31-нд иргэдээсээ асуухаар товлосон юм. Харин ерөнхийлөгчийн зүгээс эрх баригчдын энэ шийдвэр хэд хэдэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзээд хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг өнөөдөр олонхийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж  энэ долоо хоногтоо эцэслэн шийдэхээр тохирсон байна.

Хэрэв ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэд биш УИХ батлана гэсэн үг. Ингэхдээ 53 зүйл заалт бүр дээр нэг бүрчлэн санал хураалт явуулж 57 гишүүний саналын босгыг давах учиртай. Харин ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй эсэх дээр олон нийтийн дунд судалгаа явуулахад иргэдийн 90 орчим хувь нь дэмжсэн байна. Тиймээс ч эрх баригч нам энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдээрээ батлуулах нь зүйтэй гэж үзэж байгааг хэлж байна.

МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийн хугацааг сунгах зэрэг олон чухал заалтыг тусгасан хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч ерөнхийлөгчийн гаргасан саналыг 80 гаруй хувь нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд туссангүй гэж Тамгын газрын дарга нь мэдэгдэж байсан. Тиймдээ ч ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавьж байгаа нь улстөрийн тоглолт гэж үзэх гишүүд цөөнгүй байгаа юм. Ямартай ч Ардчилсан намын зүгээс  ард нийтийн санал асуулга, Ерөнхийлөгчийн хориг, УИХ тарах эсэх дээр зөвшилцөхийг хүссэн байна. Тиймээс Ардчилсан намын зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ долоо хоногт багтаан ерөнхийлөгчийн хоригийг хэрхэхээ шийднэ гэлээ.