Намууд

УИХ тарах асуудлаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан гишүүдээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй мэдэгдлээ. УИХ-ыг тарааж дахин сонгууль явуулах асуудал зарим нэг гишүүдийн дунд яригдсан төдий зүйл болохоос намын удирдах зөвлөл ийм асуудал хөндөж ярилцаагүй гэж хэлж байна.  

Ард нийтийн санал асуулгыг 30 орчим тэрбум төгрөгт багтаан сонгуулийн түвшинд зохион байгуулах урьдчилсан тооцоо гараад байгаа. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэх ганц асуултаар дээрх мөнгийг үрэх биш УИХ-ын ээлжит бус сонгуулийг хамтад нь явуулах асуудал улс төрийн хүрээнд яригдаад байсан. Тухайлбал, УИХ хугацаанаасаа өмнө тарж ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэх албан бланкан дээр 51 гишүүний гарын үсгийг цуглуулаад байгаа мэдээлэл ч цацагдсан. Харин энэ асуудлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга үгүйсгэж  УИХ тарах эсэх асуудал гишүүдээс гарсан санал төдий байсан гэдгийг онцоллоо.

Цаашид УИХ хугацаанаасаа өмнө тарах асуудал яригдахгүй гэж ойлгож болно гэдгийг тэрээр хэллээ. Улсын төсөв хэлэлцэх, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргээр хуулийн хүрээнд ч, цаг хугацааны хувьд  энэ асуудал боломжгүй болоод байгаа юм. Үүнээс гадна сүүлийн үед төрийн албыг наймаалах алдарт 60 тэрбумын схемийг МАН-ын генсек Д.Амарбаясгалантай холбох болсон. Учир нь өнгөрсөн сонгуулийн дараа тэрээр МИАТ компанийн дэд захирлаар Н.Энхбаатарыг томилуулах албан бичиг илгээсэн гэж байгаа. Тэгвэл энэ асуудалд тэрээр дараах тайлбарыг өгч байна.

Парламентын засаглалтай ямар ч улсад намын дүрмээр боловсон хүчний бодлогыг тодорхойлж удирдах зөвлөлийн шийдвэрийн хүрээнд нарийн бичгийн дарга ажилладаг гэдгийг тэрээр онцоллоо. Тиймээс төрийн албыг наймаалах замаар аливаа томилгоог явуулах шахалт хийсэн зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байгаагаа мэдэгдлээ.