Халуун сэдэв

Сайжруулсан шахмал түлш бэлтгэхээр Тавантолгойн түлш компани байгуулагдсан. Тэгвэл өнгөрсөн шөнө компанийн үйлдвэр дээр галын зөрчил гарчээ. Хүчин чадлаа нэмэгдүүлж зургаан шинэ шугам угсрах үед гал гарах нөхцөл бүрдсэн байна. Тийм учраас онцгой байдалд мэдэгдэж, үйлдвэрийн мэргэжилтнүүдийг шуурхай удирдлагаар ханган аюулгүй болгожээ. Галын зөрчлөөс үүдэн ямар нэг хохирол учраагүй. Харин үйлдвэрийн үйл ажиллагаа гурван цаг зогсож засвар хийгдсэн байна.

Өчигдөр орой 19 цагийн үед Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн талбайд гал гарсан гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж галыг аюулгүй болгосон байна. Цахим орчин зарим мэдээллийн хэрэгслээр галын улмаас гурван тонн сайжруулсан түлш шатсан гэх мэдээлэл цацагдах болсон. Харин түлш шатсан зүйл байхгүйн дээр үйлдвэрийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах хэмжээнд гал гараагүй гэдгийг Тавантолгой түлш компанийн захирал мэдэгдлээ.

Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн тохиргоо хийгдэх явцад галын аюулгүй байдал алдагдсан гэж үйлдвэрийн удирдлага тайлбарлаж байна. Тавантолгой түлш компани онцгой объект тул цаашид анхаарал болгоомжтой ажиллах албаны хүн хэрэгтэйг хэлж байгаа юм.

Сайжруулсан түлшний тухайд чийгийг нь хатааж хуурайшуулсан нүүрсийг байнгын хөдөлгөөнтэй байлгахгүй бол дулаан ялгарч өөрөө шатах магадлалтай байдаг гэнэ. Үүнээс үүдэж гал гарсан хэсэгт химийн урвал явагдсан байж болзошгүй гэж эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Харин үйлдвэрийн удирдлагын зүгээс цаашид аюулгүйн ажиллагаан дээр онцгой анхаарна гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД