Манай улсад цар тахлын II давалгаа үргэлжилж байна

Ковид-19 /дотоод/

Өнгөрсөн 24 цагт манай улсад коронавируст халдварын1783 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барлаа. Нас барсан иргэдийн дунд 22 настай залуу байсныг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо. Мөн өнөөдөр өнгөрсөн долоо хоногийн болон он гарснаас хойших цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Өнгөрсөн 1-р сараас хойш Монгол Улсад халдварын хоёр ч давалгаа эхэлсэн гэдгийг хэлж байна. Эхнийх нь хөл хорио тогтоосноор 5 сард зогсоож чадсан бол хоёрдахь давалгаа 6 сарын эхэнд эхэлж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. 2 дахь давалгаа маш өргөн хүрээтэй, аюулын нөхцөл байдал нь өндөр эрсдэлтэй байсаар байгааг мэргэжилтнүүд хэллээ. 

Эхний давалгааны оргил үе 4 сарын 20-ны өдөр байжээ. Энэ давалгаа бол Монгол Улсад цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр нас баралттай, хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдсэн үе байсан. Ингээд Засгийн газраас хөл хорио тогтоож эхний давалгааг зогсоож чаджээ. Гэвч үүнээс ердөө нэг сарын дараа буюу 6 сарын 10 хавьцаа хоёр дахь давалгаа эрчээ авсан байна. Ингэхдээ хөдөө орон нутаг, нийслэлийн бүх дүүрэг, хороонд бүртгэгджээ. Хоёр дахь давалгааны оргил үе 6 сарын 20 хавьцаа байж, нас баралтын тоо 17 хүрч аюулын харанга дэлдсэн байна. Хөл хорио тогтоох санал гаргасан ч дэмжээгүй, дээр нь иргэдийн хөдөлгөөн их байгаа учраас халдварын тархалтыг тогтоон барихад тун хэцүү байгааг онцоллоо. Гэхдээ одоо буурах шатлал харагдаж байгааг судлаачид хэлж байна.