Халуун сэдэв

Оюу толгойн гэрээг байгуулахдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэдэгт сэжиглэгдэн 97 хоног хоригдсон Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр Оюу толгойн гэрээ байгуулагдаад 10 жилийн ой тохиож байгаа баярын мэндийг хүргэсэн. Энэ гэрээ бол монголчуудын хувьд алтан боломж байсан гэдгийг мөн онцоллоо. Харин өөрийг нь буруутган хорьсон асуудал бол хуулийн байгууллагууд гэрээгээ бүрэн ойлгоогүй гаргасан шийдвэрүүд гэдгийг хэллээ.

УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн гэрээг Монгол Улсад хамгийн их хор хохиролтой гэрээгээр тодруулаад байгаа. Тэгвэл тус гэрээг байгуулсны 10 жилийн ой энэ онд тохиож гэрээг байгуулахад гар бие оролцсон Сангийн сайд асан С.Баярцогт Санжийн Баярын засгийн газарт баяр хүргэж байгаагаа мэдэгдлээ. Монголчуудын хувьд алдаж болохгүй алтан боломж нь Оюутолгойн гэрээ байсныг тэрээр онцлоод УИХ-ын зарим гишүүд болоод хуулийн байгууллагын ажилчид гэрээг бүрэн төгс ойлгохгүй байгаа тул ном гаргаснаа хэллээ.

УИХ-аас Оюутолгойн гэрээнд шалгалт хийснээр 86 зүйл заалт бүхий зөрчил илрүүлсэн. Үүнээс хамгийн харамсалтай нь Монгол улс 2039 он гэхэд нэг тэрбум ам.долларын өрөнд орж 2041 оноос нааш ашиг хүртэж чадахгүй гэдгийг хэлж байгаа юм. Тэгвэл Монгол Улс яг хэзээнээс дэлхийд гайхагдах их нөөцтэй ордоосоо ашиг хүртэх вэ гэдэг асуултад Сангийн сайд асан С.Баярцогт тайлбар хийсэнгүй.

Тэрээр өөрийн гаргасан номонд нь хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, тухайн үед УИХ засгийн газраар хэлэлцэх үед хэлж байсан гишүүдийн байр суурь гээд бүхий л шаардлагатай мэдээлэл нэг дор байгаа гэлээ. Гэсэн хэдий ч хэвлэсэн ном нь цөөн тоотой тул сэтгүүлчдэд бүгдэд нь тараах боломжгүй гэсэн юм. Тиймээс говь нутагт явуулж байгаа олборлолтдоо гүний ус ашиглаж, жил ирэх тусам зардлаа өсгөх замаар үйл ажиллагаа явуулан гадны банкаар валютаа дамжуулдаг Оюутолгойн гэрээтэй холбоотой мэдээллийг түүний гаргасан номноос олж авах болж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД