Халуун сэдэв

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын гэм буруугаа хүлээсэн тухай мэдээлэл цацагдаж байгаа ч албан ёсоор баталгаажаагүй байна.  Хэдийгээр төрийн өндөр дээд албан тушаалтан гадаадад ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх асуудал яригдаж байгаа ч Монгол улсын иргэний эрх нэгдүгээрт тавигдах ёстой гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ.  Учир нь харь улсад гэмт хэрэг үйлдэх, иргэний эрх ашиг зөрчигдөх зэргийг тусад нь авч үзэх ёстой гэж байна. Энэ ч утгаараа 10 хоногийн хилийг хориг цуцлуулах саналыг  гаргаж болно гэж хэллээ.  

ГХЯ-наас өгсөн мэдээллээр одоогоор 10 хоногийн хилийн хориг тавьж, гадуур байцааж байгаа гэлээ. Гэхдээ тухайн хүн өөрөө хилийн хориг цуцлуулах санал тавьж болно, үүнийг тус улсын хуулиар зохицуулах юм байна. Монгол Улсын хувьд гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон, ял эдэлсэн иргэдийг нутаг руугаа татах Ялтан шилжүүлэх хэлэлцээр бий. Гэвч энэ нь ялтан шилжүүлэх гэрээтэй улсуудад энэ асуудал хамааралтай юм.

Олон улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар гадаадад явахдаа тусгай эрх ямба эдэлдэг. Мөн тухайн оронд сууж байгаа дипломатаар ажиллаж байгаа хүн суугаа орны зүгээс дипломат дархан эрх эдэлдэг бол НҮБ буюу олон улсын байгууллагад суугаа Монгол Улсын болон гаднын төлөөлөгч дипломат эрх ямба эдэлдэг юм байна. Тиймээс энэ эрх ҮХЦ-ийн даргад хамаарахгүй учраас тус улсын хуулиар зохицуулагдаж байгаа гэнэ.

Тус улсын хэвлэлүүдэд гарсан мэдээллээр хэрэг болох үеэр орчуулга хийж байсан KAL-ийн монгол ажилтныг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлсэн гэдгээ Д.Одбаяр хүлээн зөвшөөрчээ. Эхлээд тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч мөрдөн байцаалтын үеэр түүний монгол ажилтныг сүрдүүлж байгаа бичлэгийг дэлгэсний дараа өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин KAL-ийн монгол ажилтан Д.Одбаярыг шийтгүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.