Халуун сэдэв

Онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан дуулианы эзэн Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо ирээд байгаа. Улс эх орныхоо нэр хүндийг гутамшигтай байдалд оруулсан хэмээн хатуу шүүмжлэлд өртөж байгаа тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр зар тараасан ч цуцаллаа. Харин Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл бичснийг цэцийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Түүнийг чөлөөлөх эсэхийг цэцийн гишүүд хуралдан шийдэх юм.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Түүний энэ хүсэлтийг Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар авч хэлэлцэнэ гэдгийг Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагт хийхээр товложээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат энэ сарын 21-нийг хүртэл гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа юм байна. Тиймээс ҮХЦ-ийн гишүүдийн хуралдааныг 22-нд хийхээр товложээ. Ажлаас чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцсэний дараагаар ээлжит даргыг ч сонгоно гэсэн таамаг зарим эх сурвалжид байгаа юм. Түүний хувьд БНСУ-ын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө 7 сая вон буюу 14 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцуулсан юм.