Халуун сэдэв

Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийн бага хурал хийлээ. Цаг гаруй үргэлжилсэн мэдээллээр өөрийг нь яллагдагчаар татсан гэх хэргүүдэд тайлбар өглөө. Г.Батхүү агсны үхэлд түүнийг яллагдагчаар татаагүй. Харин мэдүүлэг буруу өгсөн гэдэг асуудлаар өөр хэрэг үүссэнийг хэллээ. Мөн албан тушаалаа ашиглан тусгай сангийн хөрөнгийг бусдад олгосон гэх хэрэгт Авлигатай тэмцэх газар хууль буруу тайлбарлаж гүтгэсэн гэдгийг онцоллоо. Үе үе элдэв хэл аманд ордог тэрээр дандаа хөгийн юмыг надад наах юм гэж хэлсэн нь ч сонирхол татам байлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зорилготой хэдий ч эзэддээ хүрээгүй. Үүний гол буруутан нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэж үзэн АТГ-аас түүнийг яллагдагчаар татаад байгаа. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр АТГ-ын алба хаагчид мэргэжлийн хувьд хангалтгүй ажилласан. Тухайлбал, тус сангийн зээлийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж мэдэгдсэн. Гэтэл 2.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт одоогоор хийгдээд байна гэсэн юм.

Шалгалтын явцад нийт  8 иргэн, 21 хуулийн байгууллагад давуу байдлаа ашиглаж зээл олгосон гэж АТГ-аас мэдэгдэж түүнийг яллагдагчаар татжээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас мөн яллагдагчаар татсан.

Өмнө нь тэрээр хэд хэдэн ноцтой хэрэгт нэр холбогдож байсан. Энэ удаад ч  УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан эзэддээ хүрээгүй асуудалд мөн л холбогдлоо. Олны анхаарлыг татсан энэ мэт хэргүүдэд яагаад холбогдох болсноо тайлбарласан юм.

Хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Гэхдээ өөрөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, нэр холбогдсон хэргүүдээ шалгуулах бодолгүй байна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. 

 ФЭЙСБҮҮК ШУУД