Халуун сэдэв

Ирэх 6-р сард болох Улсын их хурлын сонгуулийн үеэр Фэйсбүүк компанийн түр оффис манай улсад нээгдэх гэж байна. Хуурамч аккаунтыг хаах, худал мэдээллийг устгах, Фэйсбүүк орчин дахь далд сурталчилгаа зэргийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хянах юм. Харин нэр дэвшигчид болон нам хүчин сошиал орчинд гурван төрлийн сурталчилгаа явуулах эрхтэйг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

2019 оны 12-р сарын 20-нд батлагдсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулинд сонгуулийн сурталчилгаатай холбоотой шинэ зохицуулалт оржээ. Өмнө нь радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг дамжуулах зохицуулалтыг хуульчилж байсан бол энэ удаад цахим орчинд сонгуулийн сурталчилгааг хэрхэн дамжуулах талаар  нэмж тусгажээ.  Цахим орчинд сонгуулийн сурталчилгааг гурван хэлбэрээр явуулна гэлээ. Ингэхдээ нам эвсэл, нэр дэвшигчид зөвшөөрөгдсөн цахим хуудсаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Үүнийг зөрчсөн нэр дэвшигчдэд хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.

Олон нийтийн сүлжээнд хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл түгээдэг асуудалтай холбогдуулан хуулийн зохицуулалт хийжээ. Далд сурталчилгаа, гүтгэлэг, худал мэдээллийн хяналтыг чангатгахаар Харилцаа холбоо зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтран ажиллана гэлээ. Фэйсбүүк компаний төлөөллүүд сонгуулийн үеэр манай улсад ирж, ажиллах юм байна.

Радио, телевизээр цацагдах сурталчилгааны нийт хугацааг нэг өдөрт 60 минут байхаар заасан. Нэг нэр дэвшигч, нам эвсэлд ноогдох хугацаа нь нийт хугацааны 25 хувь буюу 15  минутаас хэтрэхгүй байх юм байна.

ФЭЙСБҮҮК ШУУД