Халуун сэдэв

Таван толгойн орд газрыг түшиглэн 300 мватын цахилгаан станц барьж байгуулахаар болсон. Ингэснээр Өмнөговь аймгийн цахилгааны зарим хэрэглээ  болон Оюу толгой компанийг бүрэн хангахаар төлөвлөж байгаа юм. Гэвч цахилгаан станц барих ажил удааширч, явж өгөхгүй байгааг салбарын сайд Ц.Даваасүрэн хэлж байна. Мөн энэ бүтээн байгуулалтыг хийхэд хамтран ажиллах ёстой Оюу толгой компани шийдвэртэй алхам хийхгүй байгааг онцоллоо.

Манай улс Оюутолгойн гэрээг анх байгуулахад талхны зурагтай сурталчилгааг хотын гудмаар нааж 70 хувь нь Монголчуудынх хэмээн сурталчилж байсан. Үүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрөхөд талхны 70 хувь бидэнд ирэх байтугай ашиг хүртэх хугацаа нь 2041 он болчихсон. Мөн зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх үйлдвэр, цахилгаан станц барих гээд цаасан дээр буусан бүтээн байгуулалтууд одоо ч үлгэр хэвээрээ. Тиймээс нэн тэргүүнд цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлж хэлэлцээрт орох шаардлагатайг Эрчим хүчний сайд онцоллоо.

УИХ-ын тогтоолын дагуу засгийн газар Оюутолгой компанийн хөрөнгө оруулагч Рио тинто компанитай хэлэлцээрийн ширээний ард суух юм.  Энэ хүрээнд Тавантолгойн ордыг түшиглэн 300 мвт хүчин чадалтай цахилгаан станц барих асуудлыг хөндөнө. Цахилгаан станц барих, Монгол улсаас эрчим хүчээ хангах асуудалд Рио тинто компани хойрго хандаж байгааг салбарын сайд онцоллоо.

Оюутолгойн ордын 34 хувийг Монголчууд эзэмшихдээ Рио тинто компаниас зээлээр авч байгаа нь өдрөөс өдөрт өрөнд орох үндэс болсон. Тиймээс 34 хувийг АМНАТ-т шилжүүлэх асуудлыг хэлэлцээрээр хөндөх юм.  Хамтын ажиллагааг харилцан ашигтай байлгах чиглэлд долоон арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа ч хэзээ хэлэлцээрт орох нь одоогоор тодорхой болоогүй байна.