Н. Уртнасан: Гэр хорооллын айл өрхүүдийг хашаандаа мод тарихад нь дэмжлэг үзүүлэх, урамшуулах бодлого хэрэгтэй

Нийгэм
Манай улс дэлхийн дахинд нэг тэрбум мод тарих амлалт өгсөн. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж байгаа энэ ажлыг үндэсний хэмжээний аян болгон өргөжүүлээд сар гаруй өнгөрч байгаа юм.

Судалгаанаас харахад агаарын жилийн дундаж температур 2,4 градусаар дулаарч, өвлийн улирлын хур тунадас 20хувиар нэмэгдсэн бол зуны хур тунадас 7 хувиар буурчээ. Үүнтэй холбоотойгоор МУ-д сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болжээ. Тиймээс МУ-ын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа.

Энэхүү хөдөлгөөнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ААНБ, хувийн хэвшлүүдээ уриалан хамтран ажиллах нь чухал байгааг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцолж байна. 

Харин гэр хорооллын айл өрхүүдийг хашаандаа мод тарихад дэмжлэг үзүүлэх, урамшуулах бодлого хэрэгтэй байгааг онцоллоо. Учир нь нийслэлийн хөрсөнд судалгаа хийхэд 88 хувьд нь маш гүн бохирдолтой гэх дүн гарчээ. Тиймээс гэр хорооллуудад мод тарих, иргэдийг татан оролцуулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэсэн юм.

Өнөөдрөөс эхэлсэн энэхүү ойн үндэсний чуулган дөрөв хоног үргэлжлэх юм. Энэхүү чуулганд 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, төр хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож санал бодлоо солилцох юм. Салбарын хуралдаанаас гарсан санал, зөвлөмж, шийдлүүдийг 11 сарын 15-ны өдөр төрийн ордонд болох Үндэсний чуулганд танилцуулж харьяа яам болон холбогдох төрийн байгууллагууд нэгдсэн бодлого, чиглэлийг тодорхойлно.