Ямайк гаралтай Кейша Торп Дэлхийн шилдэг багшийн шагнал хүртжээ

Үйл явдал

Ямайк гаралтай Америкийн Мэрилэнд мужийн багш Кейша Торп Global Teacher Prize буюу Дэлхийн шилдэг багшийн шагнал хүртсэн байна.

Дэлхийн Боловсролын салбарын Нобель гэж нэрлэгддэг Варкагийн сангаас олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх багшийг энэ жил дэлхийн 121 улс орны 8 мянга гаруй нэр дэвшигчдээс сонгон шалгаруулжээ.

Варкагийн санг 2014 онд үүсгэн байгуулж, дэлхийн багш нарын мэргэжлийг сайжруулах, үнэлэх чиглэлээр 1 сая долларын шагналын сан бүхий Global Teacher Prize шагналыг олгох болжээ.

Энэ жилийн шагналыг хүртсэн Ямайк гаралтай Кейша Торп Америкийн Мэриленд мужийн Блейденсбургийн сургуульд англи хэлний багшаар ажилладаг байна.

Түүний ажилладаг сургуулийн сурагчдын 85% нь латин америк гаралтай цагаач гэр бүлээс гаралтай хүүхдүүд суралцдаг байна.

Торп сурагчдаа нийгмийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, тэднийг хамгаалан, хэл соёлд суралцахад нь дэмжлэг болон тусалдаг байна.