Халуун сэдэв

Цагтаа Монголын толгой бизнесмэнүүдийн нэг байсан Ноёд группын ерөнхийлөгч Буяндорж өнөөдөр ерөнхийлөгчид хандлаа. Түүний бизнесийг, үүсгэн байгуулсан компанийг прокурорууд хамтран дээрэмдэн авсныг онцолж байна. Тэрээр иргэдийн хамгийн шударга гэж боддог хуулийн байгууллагын хүслийг биелүүлээгүйгээс болж 9 жилийн хугацаанд шалгагдаж, шоронд орж, бүх зүйлээрээ хохирсон гэдгийг хэллээ. Түүнд Монгол төрд итгэх итгэл сэргэсэн учраас бүх нотлох баримтаа бүрдүүлж Монгол улсын төрийн тэргүүнд хандаж байгаагаа онцоллоо.

Хэргийг нааштайгаар шийдвэрлэхийн тулд 100,000 мянган доллар өгөх шаардлагатай. Гэхдээ эхний ээлжинд 10 мянган долларыг урьдчилгаа хэлбэрээр авна. Харин үлдсэн 90 мянган долларыг хэрэг шийдвэрлэсний дараа өг гэж түүнийг шантаажилсан. Гэвч энэ мөнгийг өгөхөөс татгалзсан учир 9 жилийн хугацаанд түүнийг дарамталж, 1.2 жил цагдан хорисон. Мөн 25 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан гэдгийг тэрээр хэлсэн юм.

Хууль, шүүхийн байгууллагын шударга бус үйлдэл, авлигын хэрэгт нэр холбогдсон зарим албан хаагчидтай холбоотой хэргийн нотлох баримтыг тэрээр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад өглөө. Үүнийг хуулийн хэлтэс шалгаад, холбогдох газруудад нь цаашид хүргүүлнэ гэсэн юм.

Энэ хэрэгт нийт 20 гаруй төрийн албан хаагч оролцсон. Эдгээр нэр бүхий албан хаагчдаас гурван хүнийг нь нэрийг ил зарласан юм. Цаашид түүнээс мөнгө шантаажилсан нэр бүхий төрийн албан хаагчдыг нийтэд зарлаж, хэвлэлийнхэнд дахин хандах болно гэдгээ хэлсэн юм.