Халуун сэдэв

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Түүнийг сангийн жилийн эцсийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, дампуурсан Капитал банкинд давуу эрх олгосон зэрэг хэрэгт сэжиглэж байгаа юм. Харин өнөөдөр Ардчилсан намын удирлагууд Уртнасанг саатуулсан нь улстөржилт гэдгийг мэдэгдлээ. Албан тушаалаа өгсөн хүнийг ахин ийм хэрэг үйлдэж болзошгүй гэж хорьсон нь ч анхаарал татаж байгааг онцолсон байна.

Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банкинд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцоод байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан хорих захирамжийг энэ сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Шүүхээс тэднийг яллагдагчаар тооцон, 30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн байдаг. Энэ асуудлаар Ардчилсан нам өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Дээрх хоёр хүнд тохоод байгаа тус хэрэг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нартай холбоотой гэж үзэж байна.

Сайд асан Н Номтойбаяр, С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго захиалгыг гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байна. Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга Ерөнхий сайд Ухнаагийн Хурэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна гэсэн юм.