Халуун сэдэв

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хандан Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулах хүсэлтээ гаргалаа.

Тэрбээр хэлэхдээ:

"Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Улсын eрөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Үүнээс өмнө би арван хоёрдугаар сарын 12-нд Төрийн ордонд хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Гэтэл намайг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон хэмээн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд дурдсан байдаг. Удалгүй өмгөөлөгч Батхуяг гэх хүн арван хоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт миний эсрэг гомдол гаргасан. Харин арван хоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гээд тогтоол гарсан.
Тэгэхээр энэ бүх үйл явц УЕП хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох төрийн дээд байгууллага болох УИХ-д худал мэдээлэл түгээсэн. Намайг гүтгэн доромжилсон. Авлигал албан тушаалынхаа давуу байдлыг надад ашигласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн зүйл заалтыг маш ноцтой зөрчсөн. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Намайг худал мэдүүлэг өгсөн, хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа учир би нотлох баримтад үндэслээд тэр хүнийг хуулийн байгууллагаар шалгуулах гэж байна. Энэ бол иргэн хүнийхээ хувьд эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр. УЕП байлаа гээд хуулиас давуу эрхтэй гэсэн үг биш. Миний сайд байхдаа гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2018-2020 онд гаргасан. Хоёр ялгаа байгаа нь он сар өдөр, сайдынх нь нэр л өөр. Тэдгээр шийдвэрийг буруутай гэж үзэхгүй байтлаа намайг буруутай гэж яллаад байна”

гэлээ.